Tuesday, January 8, 2013

00 стайл намын Үнэнд хэвлэгдэнэ дээ.

00 стайл гэж байх. Өсвөр насны охид (хөвгүүд бага хувьтайгаар) өөрийн зургийг нойлын өрөөний толинд янз бүрийн байрлалаар тусган авч нийгмийн сүлжээний сайтууд дээрх өөрийн хуудсанд байршуулдаг. Мөн түүнчлэн 00-ийн өрөөний ханан дээр элдэв тэмдэг, бичиглэл зуран (зурсаныг) зургийг нь мөн адил ашигладаг. Энэ бол охид, хөвгүүдийн зугаа. Эдгээр зургууд зөвхөн тухайн залууст л хамааралтай.

Намын Үнэн сонин анх 1920 оны 11 сард "Монголын Үнэн" нэртэйгээр хэвлэгдэн гарч 90 гаруй жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Өвөө эмээгийн маань хамгийн дуртай сонин. Энэ сонинд нам, засгийн хамгийн л "үнэн" буюу батлагдсан мэдээлэл нийтлэгдэнэ. Өвөөгийн хувьд энэ сонин дээр гарсан мэдээлэл туйлын үнэн, үнэнийн хэмжүүр, шалгуур үзүүлэлт нь юм.

Цахим ертөнцөд хэрэглэгчидэд тулгуурласан мэдээлэл, харилцаа холбооны хэрэгсэлүүд эд хүчтэй болоод байна. Монгол ч энэ чиг хандлагаас хочрохгүй өнөөдөр хүмүүсийн хамгийн их ордог сайтууд нь фэйсбүүк, твиттер зэрэг нийгмийн сүлжээний сайтууд болоод байна. Энэ ертөнцөд агуулгыг хэрэглэгчид өөрсдөө үүсгэж, өөрсдөө хүртэж байдаг. Фэйсбүүк дэх найздаа арван жилийн найз шигээ итгэдэг болж. Энд "амьдарч" байгаа хүмүүст намын "Үнэн" нь найзынх үүсгэсэн агуулга. Шууд итгэж болох, батлагдсан мэдээлэл.

Монгол улсын ЗГ-аас мэдээллийн сайтууд дээрх сэтгэгдлийг баталгаажсан иргэний үнэмлэх, утасны дугаар ашиглуулан бичдэг болгох шийдвэр гаргалаа. Техникийн асуудлыг удахгүй шийднэ.

Тэдгээр сайтууд дээр сэтгэгдэл хэн бичдэг юм бол. Зарим нь бэлгийн сулралтай, сэтгэгцийн өвчтэй, өдөржин нус цэрээ хаясан нөхдүүд гэж гоочилно. Нус цэрээ хаясан нь ч байгаа л байх, хаяагүй нь ч байгаа л байх. Яг л нойлд ороод зориулалтын болон зориулалтын бусаар ашиглаж байгаа шиг. Харин тэрхүү сэтгэцийн өвчтэй нөхдүүдийн үйлдэлд сэтгэгцийн өвчтэйг нь илрүүлэгчид хамгийн ихээр мэдрэмтгий хандаж, өөр уруу нь "нулимахад" нь холуур тойроод өнгөрөхийн оронд "нус цэрийг" нь барьж авах гэж оролдоно.

Одоогоор сэтгэгдэл гэгч амны хөндийн хэдэн булчирхайнаас зүй ёсоор ялгарсан шингэнийг хаядаг "ариун цэврийн" өрөө юм. Тэрхүү шингэн ялгарсанаар амны хөндий дөх нянг бактерийг устгаж өсөлт хөгжилтийг зогсоож, шүд амны хөндийн эрүүл бат бөх байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Нэг үгээр ардчиллын орчиныг эрүүл, бат бөх байлгаж "атаатан дайсан" авилгачдыг тодорхой хэмжээнд устгаж байдаг.

Тэгэхдээ энийг батлагдаагүй мэдээлэл гэдгийг бүгд л мэднэ. Тэрхүү мэдээлэлд ямар ч бодолгүйгээр шууд итгэдэг хүн ч гэж байхгүй. Тэр тусмаа сэтгэгдэл байтугай мэдээг нь гүйцээж уншихад төвөгтэй болтолоо интернэт "хөгжсөн", олон ургалч үзэл газар авсан ардчилсан манай оронд. Сэтгэгдэл бол "шүлсээ" хаядаг газар болохоос шүлс "сорж авдаг" газар биш.

Тэгвэл шүлсээ хаях газрын хаалгыг түгжих, байг гэхэд хаалга нь хэцүү онгойдог болбол юу болох вэ. Шүлсээ хаях ёсгүй газарт хаяцгаах болно. Шүлсийг зайлшгүй хаях хэрэгтэй. "Ариун цэврийн" өрөөнд биш фэйсбүүк, твиттер дээрээ хаях болно. Энэ үед тэр мэдээлэл зүгээр нус, цэр биш албан ёсны батлагдсан мэдээлэл мэт нийгэмд түгнэ. Энэ нь 00 стайлын зургийг намын Үнэнд хэвлэснээс ялгаагүй зүйл болно.

Зохион байгуулалттайгаар гүтгэгчид нь сумаа хүртээмжгүй сэтгэгдэл дээр тавихын оронд байгаа оносон газар уруу чиглүүлнэ. Харин энэ үед хятадын засагт салаавч үзүүлдэг том гарууд манайханд тэр хүмүүсийг нь олж өгөх болов уу.

Хөгжил шат шатаараа л явах ёстой. Коммунизмыг алгасаж капитализмд шилжиж болохгүй. Хоолоо энгэр дээрээ асгахгүйгээр том болох боломжгүй. Одоо хүмүүст сэтгэгдэл дээр хаях нус цэрээ угаалтуурын хажуугаар хаяад байж магадгүй. Тэгэхдээ тэд соёлд суралцана. Сайтууд нь ч гэсэн хөгжинө. Удахгүй байх ёстой юм байх ёстой хэмжээ, байрандаа очно.

Эцсийн эцэст 00-д камер байршуулж хүүхдүүдийг ханан дээр эрээчихтэй тэмцдэггүй биздээ. Арай л өөр зам байх ёстойдоо.