Monday, November 21, 2011

МАН шагналын хур бүр үер буулгалаа



МАН нийслэлийн Сүхбаатар дүүргийн 618 эхчүүдийг бөөндөж нэг мөр сайн шагналаа. Одон медалийг ч нэг хайр гамгүй цацлаа даа. Олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, эмээ нарыг баярлуулж байгаа нь тэр. Хамгийн гол нь яагаад монголын төр биш үүнийг МАН шагнаад байгаа юм бэ.

Болсон үйл явдал гэвэл 2011 оны

11-р сарын 17-ны өдөр олон хүүхэдтэй эхчүүдэд "Алдарт эхийн одон" гардуулах хууль өөрчлөгдсөнөөс үүдэлтэй шинэ хуулийн дагуу "Алдарт Эх" болох гавьяа байгуулсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 618 эхчүүдэд Алдарт эхийн 1, 2-р одонг гардуулсан үйл явдал болсон нь тэр.


Хууль батлагдаад хичнээн сар болж байхад яагаад ажилаа хийж эдгээр эхчүүдэд одонг нь өгөхгүй байгаад байгаа юм бэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболдоос асуумаар байна. Таныг зүгээр сууж байхад чинь цаад МАН чинь, тус намын дарга Сү.Батболд Алдарт эхийн одонг гардуулчихлаа шүү дээ гэж анхааруулах хэрэгтэй.

Яагаад Алдарт эхийн одонг МАН-ын дарга Сү.Батболд өглөө гээд байгаа вэ гэхлээр тус одонг дагалдаж ирсэн "Талархал" хэмээх пайзан дээр талархалын үгийн доод талд "МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболд" хэмээн гарын үсгээ зурсан байв. Яагаад ерөнхий сайд нь "урдаа" биш гэж. Яагаад гэвэл МАН-ын шагнал болохоор л тэр.
Энэ үйл явдлыг сурвалжилсан телевизүүд ч гэсэн бүгд МАН-ын дарга ийм, тийм шагнал олголоо гэж мэдээлж байна лээ.

Шагнал гардуулсан зааланд МАН-ын дарга Сү.Батболд тойрогтоо ийм тийм ажил хийлээ, ингэж тэгэж ард түмнээ сонслоо гэсэн "улаанаараа эргэлдсэн" самбар өрөөстэй байгаа нь тус арга хэмжээний уур амьсгалыг гарцаагүй намын шинжтэй болгож байв.

Ингэхэд МАН тус шагналыг өгөх заалны түрээс, одонг урлуулах төлбөр, дагалдах бичиг баримт хэвлэлтийн зардлыг өөрсдөө гаргасан болов уу. Ер нь цаашилбал Сү.Батболд намын ажлаа хийж явахдаа гаргасан ядаж бензиний зардалаа өөрөөсөө биш юмаа гэхэд намаасаа гаргасан уу. Эсвэл бид хэдэн татвар төлөгчдийн мөнгийг үрээд байна уу.

Өө бас тэнд байсан Сүхбаатар дүүргийн болон тус дүүргийн хорооны ажилчид тухайн өдөр ажлаасаа чөлөө авсан эсэхийг цаг бүртгэлийн дэвтэрээс нь үзэх юмсан. Албан ажлаа биш намын ажил хийж яваа юм чинь чөлөө аваад, цалин авахгүй байх ёстой байлгүйдээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайд Сү.Батболд доор нь ажиллаж буй, бүхэл бүтэн нэг дүүргийн ажилчид цугаараа ажлаа таслаад намын арга хэмжээнд оролцоод явж байсныг мэдсэн болов уу. Мэдсэн бол яагаад болиулаагүйг, мэдээгүй бол ажилдаа хэр анхааралтай хандаж байгааг нь асуух юмсан.

Ажлаа сайн хийж байгаа МАН, түүний дарга Сү.Батболдод баяр хүргэе. Та нар сайн ажиллаж байна.
Харин Засаг төр маань ажилаа хэрхэн хийж байгааг Засгийн газар, түүний тэргүүн Сү.Батболдоос асууя.