Showing posts with label эргэцүүлэл. Show all posts
Showing posts with label эргэцүүлэл. Show all posts

Sunday, September 18, 2011

Засгийн газрын хамгийн том бүтээл

Манай монголын засгийн газар юмыг дампууруулахдаа маш сайн. Бизнесийн хөгжлийг дэмжих жилийг дампууруулсан. Жил нь дууслаа гэж сандрахдаа сүүлийн хэдэн өдөр хурал зохион байгуулж хэвлэл мэдээллээр рекламдаад өнгөрч билээ. Сонгуулийн хуулийг бас дампууруулаад явж байгаа. Өөр бусад олон зүйл дампуурсан. 
Гэхдээ нэг л зүйлийг сайн хийж байна. Амьдралын идэвхгүй, бусдаас тусламжыг гуйх биш шаарддаг, баялаг бүтээгч биш баялаг хуваан идэгч болохыг эрхэмлэгч хойч ирээдүйг маань мянга мянгаар нь үйлдвэрлэж байна. Тэд зарим нь өөрсдийгөө Монгол оюутан залуусын сайн дурын нэгдэл гэж нэрлээд Тэтгэлэгтэй Хариуцлагатай Оюутан гэдэг хөтөлбөр хүртэл гаргасан байна лээ. Тэгэхдээ л ирээдүй нь тодорхой шимэгч хорхой. Тэгэхдээ энэ тэдний буруу бишээ. Манай засгийн газар, төрийн удирдлагуудын маань буруу.
Манай аав, ээж хоёр 1980аад онд оюутан байжээ. Социалист нийгмийн ид цэцэглэлтийн үед шүү. Бараг л куммунизм уруу шилжих гэж байсан үе. Тэр үед тэгэхдээ оюутнууд автобусандаа мөнгөө төлдөг байсан. Хуушуур үнэгүй иддэг байгаагүй. Дээр нь намайг цэцэрлэгт явуулахдаа хоолны мөнгө гэж сар бүр төлдөг байсан. Болоод л байсан. Сургуулийн хүүхдүүдэд татвар төлөгчдийн мөнгөөр үдийн хоол өгдөггүй байж. Сураад л байсан. Одоо болохоо больчихож. Ингэж бусад нэгнийгээ дээрэмдэх боломж олгохгүй бол тэд нэгдээд талбай дээр жагсдаг болсон байна. Энэхүү бүхэл бүтэн үеийг манай засгийн газар бүтээж байна. Маш сайн бүтээж байна.
Ер нь яагаад оюутнууд унааныхаа мөнгийг надаар төлүүлэх ёстой юм бэ. Бас амралтаараа ээж аавдаа эрхлэхээр явахдаа бас надаар зардалаа гаргуулна. Төлбөр их байна гэж боловсролын бизнес эрхлэгчидийг дарамтална. Сайн пиво хямд байдаггүй гэдгийг маш сайн мэдэх хэрнээ, хямд үнээр сайн боловсрол яаж олж авна гэж бодсон юм бол. Саяхан ШУТИС-ын салбар сургуулиудын хэд хэдэн вэб сайт дээр шалдан бөгс нийтлэгджээ. Учир нь төлбөр их байгааг эсэргүйцэж сургуулийн сайтыг хакердсан гэх. Би ч хакердчихлаа, тэр ч хакердчихлаа гэж хийсэн хууль, ёс бус зүйлээрээ онгирч гайхуулж байгаа монголын инженерүүдийн ирээдүй ямраар төсөөлөгдөж байна. 
Засгийн газрын үйлдвэрлэлийн хүчин чадал туйлын өндөр, маш хурданаар үйлдвэрлэж байна даа дампуурсан ирээдүйг. Чанар ч гэж ярих юм байхгүй сайн.

Thursday, February 14, 2008

Бид бүгд л биеэ үнэлэгч

Сүүлийн үед хүний наймааны талаар хүмүүс их ярих болжээ. Хаа сайгүй л хүний наймаа. Урд нь ярьж л байдаг байсан ч хэн ч тоодоггүй байсан. Энэ удаагийнх миний ойлгосноор Ардчилсан намын улс төрийн шоу байдлаар гарч ирсэн болохоор илүү дуйлаантуулсан байх. Гэхдээ энэ бол сайн. Ямар ч байсан сайн гэж бодож байна. Дуугүй суугаад дундаасаа хэн нэгнийгээ хулгайлуулж байснаас шоудаж байгаад ч гэсэн авч үлдсэн нь дээр. Уучлаарай шоу биш байх л даа. Миний хувьд "Human trafficking" гэдэг кино л лав мартагдахгүйгээр нөлөөлсөн. Миний болгоомжлох, сэрэмжлэх сэтгэлийг төрүүлсэн гэхүүдээ.
Тэгээд саяхан зурагт үзэж суутал ийм гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар үйл ажиллагаа явуулдаг нэгэн төрийн бус байгууллагын ажилтан ярилцлага өгч байна. Тэрээр манай нийгэм хохирогч бүсгүйчүүдийг биеэ үнэлэгч, янхан хэмээн ад үзэн улам бүр нийгмээс таслан, би угаасаа л ийм хүн шүү дээ, миний хувь заяа ийм гэж бодоход хүргэдэг гэнээ. Энэ нь гэмт хэргийг амьтай голтой оршин тогтноход сайнаар нөлөөлдөг юм байх. Яг ингэж хэлээгүй ч ийм утгатай. Эндээс би яагаад тэдгээр бүсгүйчүүдийг ад үздэг байна гэж бодсоноо ер нь тэгээд ч биеэ үнэлэгч гэдэг муухай, муу үг юм уу гэж бодлоо. Янхан гэдгийг нь мэдэхгүй юм.
Миний бодлоор бид бүгд л биеэ үнэлэгч. Хүн бүр л хэн нэгэнд хэрэгтэй байгаа, өөрийн хийж чадах зүйлийг хийж амьдардаг. Миний хувьд би компьютер дээр бага сага юм хийгээд л амьдрах гээд л явж байна. Би миний хийсэн зүйл хэрэгтэй байгаа хүмүүст биеэ л үнэлж байгаа, өөр юу ч хийгээгүй. Энийг уншиж байгаа өөрөө ч гэсэн ямар нэгэн газар биеэ үнэлээд л явж байгаа. Тоо боддог бол би чамд өдөрт 8 цагаар тоо бодож "биеэ зориулъя" чи надад сард тэдэн төгрөг өг. Яг л ийм тохиролцоогоор л явагддаг. Бидний хэд нь биеэ үнэлдэггүй юм гэж тоолбол амархан дуусна. Дуусна ч гэж эхэлж ч чадахгүй. Яагаад гэвэл тийм хүн байхгүй юм чинь.
Биеэ үнэлдэггүй хүн гэвэл "Эзэн хаан" л байх. Биеэ үнэлдэггүй тийм хүн ер нь байвал тэр хүнийг л би хамгийн бэртэгчин, цус сорогч хувалз шиг миний мэдэх муу хүний тодорхойлолтонд багтах хүн гэж үзнэ. Яагаад гэвэл тэр хэн нэгэнд хэрэгтэй юм хийгээд мөнгө олоогүй зүгээр л бусдын бүтээсэн баялгаас хуваалцаад, идээд амьдарч байна гэсэн үг. Төрснөөсөө хойш одоо хүртэл юм идээгүй л гэхгүй л бол. Тийм хүн байвал л харин ад үзэж нийгмээсээ шахаж гаргах хэрэгтэй. Харгис ч гэсэн шахаж гарга.
Харин бидний биеэ үнэлэгч гээд байгаа бүсгүйчүүдийг гадуурхаад хэрэггүй ээ. Бид нартай л адил. Тэд нар ч, би ч адилхан биеэ үнэлээд л амьдарч байна. Таньд хэрэггүй бол үйлчилгээг нь л авахгүй болчих. Үйлчилгээг нь авахгүй болбол харин энэ төрлийн бизнес ашиггүй болж хүний наймаа багасах байх. Тэгээд ч тэд нар чинь "Хүний наймаа"-ны хохирогч болоод өмгөөлж хамгаалах хүнгүй явж байгаа улс.