Tuesday, January 8, 2013

00 стайл намын Үнэнд хэвлэгдэнэ дээ.

00 стайл гэж байх. Өсвөр насны охид (хөвгүүд бага хувьтайгаар) өөрийн зургийг нойлын өрөөний толинд янз бүрийн байрлалаар тусган авч нийгмийн сүлжээний сайтууд дээрх өөрийн хуудсанд байршуулдаг. Мөн түүнчлэн 00-ийн өрөөний ханан дээр элдэв тэмдэг, бичиглэл зуран (зурсаныг) зургийг нь мөн адил ашигладаг. Энэ бол охид, хөвгүүдийн зугаа. Эдгээр зургууд зөвхөн тухайн залууст л хамааралтай.

Намын Үнэн сонин анх 1920 оны 11 сард "Монголын Үнэн" нэртэйгээр хэвлэгдэн гарч 90 гаруй жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Өвөө эмээгийн маань хамгийн дуртай сонин. Энэ сонинд нам, засгийн хамгийн л "үнэн" буюу батлагдсан мэдээлэл нийтлэгдэнэ. Өвөөгийн хувьд энэ сонин дээр гарсан мэдээлэл туйлын үнэн, үнэнийн хэмжүүр, шалгуур үзүүлэлт нь юм.

Цахим ертөнцөд хэрэглэгчидэд тулгуурласан мэдээлэл, харилцаа холбооны хэрэгсэлүүд эд хүчтэй болоод байна. Монгол ч энэ чиг хандлагаас хочрохгүй өнөөдөр хүмүүсийн хамгийн их ордог сайтууд нь фэйсбүүк, твиттер зэрэг нийгмийн сүлжээний сайтууд болоод байна. Энэ ертөнцөд агуулгыг хэрэглэгчид өөрсдөө үүсгэж, өөрсдөө хүртэж байдаг. Фэйсбүүк дэх найздаа арван жилийн найз шигээ итгэдэг болж. Энд "амьдарч" байгаа хүмүүст намын "Үнэн" нь найзынх үүсгэсэн агуулга. Шууд итгэж болох, батлагдсан мэдээлэл.

Монгол улсын ЗГ-аас мэдээллийн сайтууд дээрх сэтгэгдлийг баталгаажсан иргэний үнэмлэх, утасны дугаар ашиглуулан бичдэг болгох шийдвэр гаргалаа. Техникийн асуудлыг удахгүй шийднэ.

Тэдгээр сайтууд дээр сэтгэгдэл хэн бичдэг юм бол. Зарим нь бэлгийн сулралтай, сэтгэгцийн өвчтэй, өдөржин нус цэрээ хаясан нөхдүүд гэж гоочилно. Нус цэрээ хаясан нь ч байгаа л байх, хаяагүй нь ч байгаа л байх. Яг л нойлд ороод зориулалтын болон зориулалтын бусаар ашиглаж байгаа шиг. Харин тэрхүү сэтгэцийн өвчтэй нөхдүүдийн үйлдэлд сэтгэгцийн өвчтэйг нь илрүүлэгчид хамгийн ихээр мэдрэмтгий хандаж, өөр уруу нь "нулимахад" нь холуур тойроод өнгөрөхийн оронд "нус цэрийг" нь барьж авах гэж оролдоно.

Одоогоор сэтгэгдэл гэгч амны хөндийн хэдэн булчирхайнаас зүй ёсоор ялгарсан шингэнийг хаядаг "ариун цэврийн" өрөө юм. Тэрхүү шингэн ялгарсанаар амны хөндий дөх нянг бактерийг устгаж өсөлт хөгжилтийг зогсоож, шүд амны хөндийн эрүүл бат бөх байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Нэг үгээр ардчиллын орчиныг эрүүл, бат бөх байлгаж "атаатан дайсан" авилгачдыг тодорхой хэмжээнд устгаж байдаг.

Тэгэхдээ энийг батлагдаагүй мэдээлэл гэдгийг бүгд л мэднэ. Тэрхүү мэдээлэлд ямар ч бодолгүйгээр шууд итгэдэг хүн ч гэж байхгүй. Тэр тусмаа сэтгэгдэл байтугай мэдээг нь гүйцээж уншихад төвөгтэй болтолоо интернэт "хөгжсөн", олон ургалч үзэл газар авсан ардчилсан манай оронд. Сэтгэгдэл бол "шүлсээ" хаядаг газар болохоос шүлс "сорж авдаг" газар биш.

Тэгвэл шүлсээ хаях газрын хаалгыг түгжих, байг гэхэд хаалга нь хэцүү онгойдог болбол юу болох вэ. Шүлсээ хаях ёсгүй газарт хаяцгаах болно. Шүлсийг зайлшгүй хаях хэрэгтэй. "Ариун цэврийн" өрөөнд биш фэйсбүүк, твиттер дээрээ хаях болно. Энэ үед тэр мэдээлэл зүгээр нус, цэр биш албан ёсны батлагдсан мэдээлэл мэт нийгэмд түгнэ. Энэ нь 00 стайлын зургийг намын Үнэнд хэвлэснээс ялгаагүй зүйл болно.

Зохион байгуулалттайгаар гүтгэгчид нь сумаа хүртээмжгүй сэтгэгдэл дээр тавихын оронд байгаа оносон газар уруу чиглүүлнэ. Харин энэ үед хятадын засагт салаавч үзүүлдэг том гарууд манайханд тэр хүмүүсийг нь олж өгөх болов уу.

Хөгжил шат шатаараа л явах ёстой. Коммунизмыг алгасаж капитализмд шилжиж болохгүй. Хоолоо энгэр дээрээ асгахгүйгээр том болох боломжгүй. Одоо хүмүүст сэтгэгдэл дээр хаях нус цэрээ угаалтуурын хажуугаар хаяад байж магадгүй. Тэгэхдээ тэд соёлд суралцана. Сайтууд нь ч гэсэн хөгжинө. Удахгүй байх ёстой юм байх ёстой хэмжээ, байрандаа очно.

Эцсийн эцэст 00-д камер байршуулж хүүхдүүдийг ханан дээр эрээчихтэй тэмцдэггүй биздээ. Арай л өөр зам байх ёстойдоо.

Thursday, June 14, 2012

Хотын "Сэргээгдэх эрчим хүч"

Сэргээгдэх эрчим хүч гэж нэг сайхан энергийн эх үүсвэрийг монголчууд нэг л сайн ашиглаж чадахгүй байгаа юм. Хөдөөгийн хэдэн айл нарны толь тавьсаныг эс тооцвол шүү дээ. 

Уул нь монголын тал нутгийн салхи гэдэг бол юун таван толгой юм гэсэн шүү. Дэлхийн ихэнх өдөр цэлмэг байдаг ийм сайхан орон өөр байхгүй юм гэсэн. Усны урсацын эрчим хүчийг ашиглаж амжаагүй байтал хэдэн гол маань ширгээд дуусах нь дээ.

Харин улаанбаатар хотод маш сайн ашиглагдаж байгаа хэд хэдэн "Сэргээгдэх эрчим хүч"-ний эх үүсвэр байна. Энэ нь утаа, ус, түгжрэл, хог. Миний ажиглаж байгаагаар эд нар боловч өөр бусдыг дарга нар ашиглаж байгаа л байх.

Яагаад сэргээгдэх эрчим хүч гэж. Яагаад гэвэл дуусахгүй мөнгө олох хэрэгсэл. 

Утааг бууруулах гэж жилд хичнээн тэрбум төгрөг "хотоос гардаг" нь миний мэдэх тооноос давна. Харин утааг бууруулах гэж зарцуулагддаг тоо нь хоёр настай хүүхдийн мэдэх хэмжээнд байх. Эсрэгээр утааг нэмэгдүүлэх гэж муугүй зардаг байх. Учир нь хот утаатай байна гэдэг хотын дарга нарын хувьд төсөвт мөнгө суулгах маш сайн нөхцөл. Тиймээс тэд хэзээ ч утаагүй болгохыг хүсэхгүй. Төсөвөөс  авсан мөнгөний тодорхой хувиар утааг нэмэгдүүлж дараагийн мөнгө батлуулах тал дээр ажиллана. Энэ бол дампуурсан банк шиг зогсолтгүй эргэх хүч.

Хотыг миний амьдарсан хорин жилийн хугацаанд дангаараа удирдчихаад хоггүй болсоныг би мэдэхгүй юм байна. Одоо хотын удирдлагууд дахин сонгогдвол хоггүй болгоно л гээд байгаа. Яаж гэж асуухлаар сүүлийн хорин жил бодож бодож сая л нэг юм шийдлийг нь оллоо гэнээ. Фермагийн их теоремтой дүйцэхүйц хүнд бодлого байсныг нь мэдсэн бол эд нараар бодуулах гэж байхлаар эртхэн арай дөнгүүр хүн олох байсан юм. "Хогийг мөнгө болгоно" гэдэг уриа нь шууд буухаар тэд хогоор монголын маш олон бизнесүүдээс хавьгүй илүү мөнгө хийж байна. Хог арилвал тэдний мөнгө олох хэрэгсэл багасна. Тийм нөхцөлд хогийг арилгах болов уу. Тэгэхлээр тэднээр бодлогыг үргэлжлүүлэн бодуулахаас өмнө өөрөө энэ бодлогыг сайн бодох хэрэгтэй.

Адгийн муу Acer компьютер хоёр жилийн баталгаа олгодог болчихоод байхад хотын төв замын баталгаат хугацаа нэг жил гэдэг бол гэсэр жангарын түүхийг амьдруулсанаас хэтрүүлсэн уран сэтгэмж. Харин энэ хэт фантастик зохиол Удаанбаатар хотод биеллээ олдог. Хэдэн тэрбум төгрөгний үнэтэй зам нэгхэн жилийн баталгаат хугацаатай байдаг бөгөөд энэ нь тэр замыг жилийн дараа дахин засна гэдгийг тунхаглаж байгаагаас ялгаагүй. Хавар тавьж эхэлсэн зам зунжингаа зам хааж хүн зовоож байгаад байгаад намар дуусдаг.  Өвөл хөлдөж, хавар гэсэхдээ хагарч, зун яг нэг жилийн дараа хотын удирдлагуудад зам засах сайхан ажил үүснэдээ. Энэ бол мөрөөдөл болсон мөнхийн хөдөлгүүр гэдэг шиг мөнгө хийх дуусашгүй нөөц.

Хот гэдэг их айл

Thursday, June 7, 2012

Эх хэлдээ суралцахуй буюу Монголчууд буруу ярьж зөв ойлгож байна

Ардчилсан намын сонгуулийн "Хүн шиг амьдаръя, Улс шиг хөгжье" гэдэг уриа уул нь надад ихээхэн таалагдав. Харин үүнийг монголоор сэтгэдэг гэдэг нь эргэлзээтэй болсон Нийгмийг Ардчилалагч хэмээх шинэ нэр томёоны арын залуус ойлгоогүй байж их л шүүмжилж байнаа.

"Би Бодохдоо Нохой шиг амьдраад байна уу" ч гэнүү.

Миний хариулт "Бид бодохдоо" гэдэг монгол үг байдаггүй юм. Харин "Хүн шиг юм хийж бай" гэж эмээдээ зэмлүүлж байснаа санах юм.

Монгол хүн миний бодлоор "Хүн шиг амьдаръя" гэдэг бол бусад хүний зиндаанд, хэм хэмжээнд хүрж амьдаръя, бусдаас дутмааргүй байна гэдэг утга илэрхийлж байгааг монголчууд хэдэн үеэрээ ойлгоно.

Улс шиг хөгжье гэдэг бол хүн бүрийн ярих дуртай Америк, Сингапур шиг хөгжье л гэдэг санаа. Үүнийг "Социал демократ" гэдгийг "Нийгмийн ардчилал", "I think" гэдгийг "Би бодохдоо" гээд учир зүггүй Америкаар сэтгэж Монголоор орчуулсан хэдэн залуус ойлгохгүй байгаа нь нэг бодлоор ойлгомжтой хэрэг ч юм.

Америкаар сэтгэж ч гэж дээ, америк хүн сэтгэснийг толь бичигдсэн төдий л юмуу. Ер нь дунд сургуульд дүн авч сурсан бусдаас будаа иддэг зангаа амьдралын хэвшил битгий болголдоо. ИЗНН "Монголдоо сайхан амьдаръя" гэхлээр "Эх орондоо сайхан амьдаръя" ч гэх шиг. Авто засварын газар сайн ажлаад байхлаар "4x4" ч гэх шиг. Өмнө нь 1 сая төгрөгтэй дүйцэхүйц хувьцаа олгоно гэхлээр 1.5 сая бэлэн мөнгө тараана гэх байдлаар зөвхөн улс төрийн хожоо гаргахын тулд улс орноо сүйдэлсэн юм хийж байсныг нь бүх хүн ойлгоод байна шт.

Хүн шиг амьдаръя
Улс шиг хөгжье

Monday, November 21, 2011

МАН шагналын хур бүр үер буулгалаа



МАН нийслэлийн Сүхбаатар дүүргийн 618 эхчүүдийг бөөндөж нэг мөр сайн шагналаа. Одон медалийг ч нэг хайр гамгүй цацлаа даа. Олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, эмээ нарыг баярлуулж байгаа нь тэр. Хамгийн гол нь яагаад монголын төр биш үүнийг МАН шагнаад байгаа юм бэ.

Болсон үйл явдал гэвэл 2011 оны

11-р сарын 17-ны өдөр олон хүүхэдтэй эхчүүдэд "Алдарт эхийн одон" гардуулах хууль өөрчлөгдсөнөөс үүдэлтэй шинэ хуулийн дагуу "Алдарт Эх" болох гавьяа байгуулсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 618 эхчүүдэд Алдарт эхийн 1, 2-р одонг гардуулсан үйл явдал болсон нь тэр.


Хууль батлагдаад хичнээн сар болж байхад яагаад ажилаа хийж эдгээр эхчүүдэд одонг нь өгөхгүй байгаад байгаа юм бэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболдоос асуумаар байна. Таныг зүгээр сууж байхад чинь цаад МАН чинь, тус намын дарга Сү.Батболд Алдарт эхийн одонг гардуулчихлаа шүү дээ гэж анхааруулах хэрэгтэй.

Яагаад Алдарт эхийн одонг МАН-ын дарга Сү.Батболд өглөө гээд байгаа вэ гэхлээр тус одонг дагалдаж ирсэн "Талархал" хэмээх пайзан дээр талархалын үгийн доод талд "МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболд" хэмээн гарын үсгээ зурсан байв. Яагаад ерөнхий сайд нь "урдаа" биш гэж. Яагаад гэвэл МАН-ын шагнал болохоор л тэр.
Энэ үйл явдлыг сурвалжилсан телевизүүд ч гэсэн бүгд МАН-ын дарга ийм, тийм шагнал олголоо гэж мэдээлж байна лээ.

Шагнал гардуулсан зааланд МАН-ын дарга Сү.Батболд тойрогтоо ийм тийм ажил хийлээ, ингэж тэгэж ард түмнээ сонслоо гэсэн "улаанаараа эргэлдсэн" самбар өрөөстэй байгаа нь тус арга хэмжээний уур амьсгалыг гарцаагүй намын шинжтэй болгож байв.

Ингэхэд МАН тус шагналыг өгөх заалны түрээс, одонг урлуулах төлбөр, дагалдах бичиг баримт хэвлэлтийн зардлыг өөрсдөө гаргасан болов уу. Ер нь цаашилбал Сү.Батболд намын ажлаа хийж явахдаа гаргасан ядаж бензиний зардалаа өөрөөсөө биш юмаа гэхэд намаасаа гаргасан уу. Эсвэл бид хэдэн татвар төлөгчдийн мөнгийг үрээд байна уу.

Өө бас тэнд байсан Сүхбаатар дүүргийн болон тус дүүргийн хорооны ажилчид тухайн өдөр ажлаасаа чөлөө авсан эсэхийг цаг бүртгэлийн дэвтэрээс нь үзэх юмсан. Албан ажлаа биш намын ажил хийж яваа юм чинь чөлөө аваад, цалин авахгүй байх ёстой байлгүйдээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайд Сү.Батболд доор нь ажиллаж буй, бүхэл бүтэн нэг дүүргийн ажилчид цугаараа ажлаа таслаад намын арга хэмжээнд оролцоод явж байсныг мэдсэн болов уу. Мэдсэн бол яагаад болиулаагүйг, мэдээгүй бол ажилдаа хэр анхааралтай хандаж байгааг нь асуух юмсан.

Ажлаа сайн хийж байгаа МАН, түүний дарга Сү.Батболдод баяр хүргэе. Та нар сайн ажиллаж байна.
Харин Засаг төр маань ажилаа хэрхэн хийж байгааг Засгийн газар, түүний тэргүүн Сү.Батболдоос асууя.

Wednesday, October 26, 2011

Бишрэл, хүндэтгэл төрүүлсэн аялал


МОСА буюу Монголын Програм хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо-ны гишүүд гишүүн компаниудаар аялах аялал үргэлжилж байна. Эхний компани болох Синглэтон компаниар аялсан аялалын талаар бичиж байсан билээ. Дараагийн компани нь ГрэйпСити байв.
ГрэйпСити компанийн маркетингийн албаны дарга компанийн танилцуулгыг хийж, дараа нь компанийн байраг үзэж сонирхон, эцэст компанийн захирал Ганболд өөрийн болон компанийн туршлага мэдээлэл дээр доорх асуултуудын хүрээнд ярилцлага өрнүүллээ.
  1. Танай байгууллагын амжилтанд хүрсэн гол хүчин зүйлүүд?
  2. Танай байгууллага  өөрийн амжилттай  ажиллаж байгаагаа  яаж үнэлж, дүгнэдэг вэ? /Хэрэглэгчийн сэтгэл ханамжаар г.м/
  3. Манай байгууллага дотоод үйл ажиллагаандаа ямар мэдээллийн системүүд ашигладаг вэ?
  4. Танай байгууллага ажилтнуудаа ямар хэлбэрээр урамшуулж, идэвхижүүлдэг вэ?
  5. Танай байгууллагад тулгамдаж буй асуудал болон бэрхшээл, хүндрэлүүд?
  6. Танай байгууллагын хувьд МОСА-ын зүгээс ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлбэл зохистой гэж бодож байна вэ?
  7. Танай байгууллага нь гадаад харилцаа, хамтран ажиллагаандаа хэрхэн анхаардаг вэ?
  8. Танай байгууллагын зүгээс МОСА-ын бусад гишүүн компаниудад  зөвлөх тэргүүн туршлага?
  9. Хүний нөөцийн үнэлгээний ямар системийг ашигладаг вэ? мөн хүний нөөцийн хөгжүүлэлтэнд хэрхэн анхаардаг вэ? 
  10. ПХ хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийн процесст ямар  шаардлага тавьж ажилладаг  вэ?
ГрэйпСити компанийн хувьд Банкны програм хийдэг бөгөөд монголын ихэнх банк ашигладаг өөрийн зах зээл дээр ганцаараа шалгаран гарч ирч чадсан компани юм. Тэр утгаараа өөрийн өмжилтийн гол хүчин зүйлийг "төвлөрөл"  гэж дүгнэдэг юм байна. Эдний хамт олон үргэлж цуцасгүй хөдөлмөрлөж, монгол програмистын ажлыг өндрөөр үнэлүүлэх тал дээр их зүйл хийж байгаа юм. Үйл ажиллагаандаа хамгийн чухалчилан "програм хангамж хөгжүүлэх процесс"-т анхаарч байгаа тус компани монголдоо хамгийн анх ISO9001 буюу үйлдвэрлэлийн чанарын удирдлагын стандартыг нэвтрүүлж сертификат авсан програм хангамжийн компани юм байна. Энэхүү аялалаас бид олуулаа болж миний бие Содонсолушн ХХК-г төлөөл мөн Интерактив, Синглэтон, Монтек, Ай Ар Эс, Интерактив Би Ай, Геганет компанийн захирлууд оролцлоо.


Аялалын гуравдахь компани Интерактив Би Ай (АйБиАй). Олон жилийн түүхтэй Интерактив компани хоёр салахад үндсэн бүтээгдэхүүнийг авч үлдсэн энэ компани одоогоор 80 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Аялалын төлөвлөгөө ГрэйпСити компанитай ерөнхийдөө адил байсан юм. Дээрх 10 асуултын хүрээнд бас ярилцлаа.
АйБиАй компанийн хувьд Санхүүгийн програм нь монголдоо л хамгийн олон хэрэглэгчтэй програмдаа орох бөгөөд Пирамид нэртэй байсан санхүүгийн програмаа Диамонд нэртэй ERP систем болгон өргөжүүлсэн юм. Энэ ярилцлагын хүрээнд мөн адил "төвлөрөл"-ийн нөлөө гэж тодорхойлсон амжилтанд хүрэхдээ туулсан зовлон, бэрхшээл( буруу замаар будаа тээсэн явдал) болон давж гарсан арга замаасаа ярьлаа. Мөн манайд ч гэсэн тулгарч байсан Age Of Empires-ийн талаар болон надад заримдаа бодогддог ажлаа орхиод цайны газар ажлуулах бодол Чимиддорж захиралд төрдөгийг мэдэж авлаа.
Хурдан, найдвартай, хэрэглэхэд хялбар гэсэн гурван зүйл дээр төвлөрч ажиллаж байгаа Чимиддорж захирал програм хангамжийн шаардлага боловсруулах, шинжилгээ судалгаа хамгийн гол зүйл юм байна гэдгийг туршлагаасаа ойлгож авчээ. Одоо энэ өнцгөөс асуудалд хандаж програм хангамжаа үргэлж сайжруулж улмаар гадаадын том том програмуудтай өрсөлдөх амбийцтай яваа. Програм нь урд нь сонсогддог байсан "муу нэр"-нүүдээс бүр мөр салахаар сайжарсаныг мэдэж авсан юм. 2000 гаруй хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж, тэдгээрийн итгэлийг дааж яваа түүнд яахын аргагүй баяр хүргэх хэрэгтэй. Мөн үүнээс гадна маш хэцүү байсан ч гэсэн програм хангамжийн үнэлгээ, зохиогчийн эрх, лицензийн асуудлыг хэрэглэгчдэд ойлгуулахаар тууштай ажилласны үр дүнд одоо байдал хавьгүй дээр болсоныг хэлж байсан юм.
Ер нь энэхүү хоёр компани дээр очиж ажилтай нь танилцаж, бодож санаж яваа зүйл, амталсан амьдралын туршлагаас нь сонсох үед аргагүй бишрэл, хүндэтгэл төрж байсан юм. Эдгээр хүмүүстэй нэг, хоёр жил хамтран ажиллаж их юм сурч авах юмсан гэсэн хүсэл төрөв.

Monday, October 10, 2011

Ардын намынхан алхаж үзэв


Дарга нарын амьдрал бол шорон. Тэд нар цэвэр агаар амьсгалах туйлын хэцүү. Өглөө үр хүүхдээ ч хаана байгааг нь олохгүй том байшинд сэрж, үүдэнд ирж зогссон урт цувааны голын хар машинд баргийн хаалгаар чихэлдэхээр том залуучуудаар сугадуулж суугаад ажилдаа явна. Гэр бүлийн аз жаргал гэж бараг үгүй, өдөр шөнөгүй мөнгө бодсон эцгээсээ өөдөсхөн хүүхдүүд нь жаахан эмээдэг болно. Машины шил ч сайн юм харагдахгүй харанхуй.  Ажлын цагийг зээлж, гуйж олсон хэдэн төгрөгийг жагсаал цуглаан хийсэн чанга гаруудад хуваарилах гээд ширээний цаанаас босох завгүй. Тоон дунд төөрсөн толгойгоо тольдож нэг харвал өөрийгөө ч танихгүй байж мэднэ. Ганц Худагаас дутахгүй өндөр хашаагаар хүрээлүүлж, гандан хийдээс дутахгүй өглөгийн ажил хийдэг тэд өөрийн хүүхдээ бус өрөөлийн оюутан хүүхдүүдийг тэжээх үүрэгтэй.

Энэхүү бурангуй байдлыг энэ цагийн МАН-ын удирдлагууд халж хотын гудамжаар алхаж үзэн, хол ойрын сонин хачинтай танилцлаа. Эдгээр шинэчлэгчид хэн байв. Батболд, Хүрэлсүх, Содбаатар. Өнөө цагийн ид мандаж яваа нам төрийн удирдагчид. Хүнээр араасаа удирдуулдаг гэгдэх #1 байхад #1-тай нэгийгээ үзэлцсэн сайн гар байна. Төрийн ажил цалин багатай гээд намын ажилаа сонгосон нөгөөх бас дагалдлаа. Тэд аргагүй эх орны чухал хөвгүүд учраас бусад шиг гэрээс гараад шууд алхахыг хүссэнгүй сэтгүүлчдийг урин, зурагчдыг дагууллаа. 



Энэ үеэр тэдгээр эрхэмүүдийн сэтгэгдээс хуваалцлаа.
Батболд (МУ-ын ерөнхий сайд): Монголын ард түмэн эрт цагаас эхлэн алхах дуртай ард түмэн байсан. Ажлын шаардлагаар л морь унадаг байсан болохоос ер нь бол алхах дуртай юм шүү. Би ч багын алхахыг эрүүл мэндэд болон оюун ухаанд хэрэгтэй зүйл гэж бодож явдаг байсан юмаа. Өнөөдөр хотынхоо гудамжаар алхлаа. Ямарч сайхан болсон юм. Шинэ шинэ бүтээн байгуулалт их явагдаж байна. Өнөөдөр явж үзээд энэ тоосгон барилга гэдэг орчин үеийн шинэ технологи, их сонирхолтой эд байна гэж дүгнэлээ. Миний хардаг, амьдардаг шилэн барилгуудаас их өвөрмөц юм. Энийг бид дэмжиж хөгжүүлэх ёстой юм шиг санагдлаа.

Хүрэлсүх(МАН-ын ЕНБДарга): За тиймээ. Бидний нийгмийн ардчилсан үзэл баримтлалд бол хамтдаа алхаж явбал хол явна гэж сургадаг. Уламжлалаар ч тэгдэг. Бушуу туулай борвиндоо баастай гэж үг байна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж үг байна. Туулай ямар амьтан билээ, үхэр ямар амьтан билээ. Эндээс ер нь алхаад явбал үхэр тэргийг, цаашилбал туулайг ч гүйцнэ гэсэн логик гарах юмаа. Хотынхоо гудамжаар явж ард иргэдийн амьдралтай танилцлаа. Бүгд л одоогийн МАН нь хуучин МАХН юм шүү, одоогийн МАХН нь шинэ нам юм шүү. Энийг сайн ард иргэдэд ойлгуулаарай гэж ярьцгааж байна.

Содбаатар(МАН-ын НБДарга): Хотынхоо аж амьдралтай танилцаад сайхан байнаа. Монгол улс хөгжиж байгаагийн нэг илрэл нь машин зам түгжирдэг болсон байна. Сая биднийг явж байхад хажууд машинууд түгжирчинсэн зогсож байсныг харсан уу. Би анх удаагаа л харж байна. Бас намайг МХГ-ын дарга байхад буруу баригдсан учраас ашиглалтанд оруулахыг хориглосон байсан өндөр байшинг буулгаад дахин бариад ашиглалтанд орох гэж байгаа юм байна. Энэ чинь монголын технологийн дэмшил ямар хэмжээнд хүрснийг илтгэж байна гэж бодож байна.

Sunday, October 2, 2011

Програм хангамжийнхан аялж байна

Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчидийн Холбоо (MOSA) аас гишүүн компаниудаар явах аялал зохион байгуулж байгаагийн эхнийх нь алдарт Бизнетворк сайтыг хийсэн Синглэтон компани байлаа. Энэхүү аялалд холбооны ерөнхийлөгч Интерактив ХХК-ийн захирал Ууганбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Болат, холбооны Дотоод зохицуулалт, Аудитын хорооны дарга EON ХХК-ийн захирал Амар болон миний бие Содонсолушн ХХК-ийн захирал Ц.Ууганболд нар оролцлоо. Өөр бусад журмын нөхөд маань ирж чадсангүй. 
Энэхүү аялалын зорилго нь гишүүн компаниудаар явж тэдгээрийн үйл ажиллагаатай танилцаж, тулгарч буй асуудал, олж буй ололтыг нь судлан салбарын эрх ашгийн хувьд тулгарч буй асуудлуудыг олж илрүүлэх, шийдвэрлэх арга замыг хамтдаа нээхэд оршино. 

Зурагт: Синглэтон ХХК-ийн захирал Баярсайхан, Холбооны ерөнхийлөгч Ууганбаяр (Синглэтон ХХК-ийн гоёмсог уулзалтын өрөөнд :) )
Синглэтон ХХК-ийн захирал Баярсайхан биднийг хүлээн авч Ажлын байраа танилцуулав. Захирал хоймортоо суун, нийлээд 10-аад хүн сууж байв. Өрөөний буланд PS тоглоом тавьсан байсан нь ажилчдийн зугаацдаг зүйл болой. (үүнээс гадна дээд давхарт өөр 3 өрөө байгаа гэсүн :) ) 
Тус компани нь бизнетворк, аутсоорсинг болон бусад төсөл 4-өөс илүүг зэрэг эхлүүлдэггүй бөгөөд нэг төсөлд ойролцоогоор 2,3 хүн ажилладаг юм байна. Үйл ажиллагааны ерөнхий стратеги нь "эхлэл" гэсэн уур амьсгалыг алдахгүй захиралтайгаа нийлээд бүгд ажилдаа ханцуй шамлан орох. 
Уулзалтын хүрээнд МТҮП-ийн байрны асуудал, холбооны зүгээс төрийг үйл ажиллагаандаа яаж ашиглах вэ, ямар байдлаар хамтран ажиллах вэ гэсэн байдлаар ярилцлаа.